\”Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож байна. ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад байна.
Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын үрийн буудайн шинэчлэн сайжруулсан сорт буюу \”Алтайская жница” сортын үр юм. \”Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү ургацыг өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужын ХААЭШХ-гийн судалгаагаар тогтоогдсон.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн шинжилгээний дүгнэлтээр үрийн буудайн бүхий л үзүүлэлтийг сайтар хангасан байна.