Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн, мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/ мэдээллээ.
Иймээс ШӨХТГ-аас нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон, аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд заасанчлан хариуцлага хүлээлгэх юм.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор \”хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д \”аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж тусгажээ. Энэ хуулийн заалтыг зөрчвөл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар байцаагчийн дүгнэлтийг үндэслэн МШХХГ-аас хаана.