Замын-Үүд сумын 3-р цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн 960 сая төгрөгөөр \”Аглут” ХХК барьж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Уг цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 9-р сарын 4-ий өдөр нээлтээ хийж 200 гаруй хүүхдийг бүртгэн хичээллэж эхэллээ. Цэцэрлэгийн нээлтэнд Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Замын Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцон баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөлөө. Тус цэцэрлэгийн эрхлэгч, багш нар болон туслах ажилчид өөрсдийн хүчээр гадна, дотор тохижилтын ажлыг хийж, хүүхдэд сурч, хүмүүжих таатай орчин бүрдүүлэн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга өндрөөр үнэллээ. Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны \”Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Тус хөтөлбөрийн \”сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна. Зөвхөн 2015 онд гэхэд Сайншанд суманд 3, Замын-Үүд суманд 1 цэцэрлэг, Айраг суманд 320 хүүхдийн бага сургууль, Хатанбулаг суманд соёл спортын цогцолбор шинээр ашиглалтад орж байна.Замын-Үүд суманд 3-р сургууль баригдаж байна.Энэ бүгдээс харахад манай аймгийн хүүхдүүдийн сурах орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж жилээс жилд сайжирч байна.