Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-нд Бүгд Найрамдах Армян Улсын Гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканянтай хоёр талын уулзалт хийв.
Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар худалдаа, эдийн засаг, мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах, Далайд гарцгүй орны хувьд харилцан биенээ дэмжих талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам