Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас албан тушаал эрх мэдлээ ашиглан их хэмжээний зээл авсан асуудалд холбогдсон сайд нарын нэг болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг өнөөдөр албан тушаалаас нь чөлөөллөө. УИХ-ын өнөөдрийн чуулганд хүрэлцэн ирсэн нийт гишүүдийн 76 хувь нь Б.Батзоригийг сайдын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал өгсөн юм.
Үүний дараа Б.Батзориг “Би сайдаар нэг жил гаруйн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан. Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тариалан, мал аж ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байгаа. Энэ бүхнийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгол Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн” гэв.
Харин Б.Батзоригт холбогдох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдэд хандаж “Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлал гуй гэсэн шаардлага тавьж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй” гэсэн тайлбарыг хэлсэн юм.
Маргааш байнгын хорооны хуралдаанаар Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх юм.