Ардчилсан намын \”нүдэнд
орсон хог, шүдэнд орсон мах”-аар яах аргагүй С.Баярцогт, Э.Бат-Үүл нар тодорчихоод
байгаа билээ. Намыгаа цаашлаад төрийг муухай харагдуулж буй тэднээс АН-ынхан нь
салахын түүс болж, эхний ээлжинд С.Баярцогтыг ямар ч байсан жийгээд байна. С.Баярцогтыг энэ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж АН-ын хоёр ч том хүн хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэний зориг гаргаж С.Баярцогтыг нэр дэвшихгүй шалгуул гэж хэлсний дараа УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд \”С.Баярцогтыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэв.
Тэгэхээр С.Баярцогт
энэ жилийн сонгуулийг өнжихөөр болж, нэг ёсондоо намынхандаа жийгдэж
байна. Угтаа бол С.Баярцогтыг энэ удаагийн сонгуулийг алгасуулж, жийх тухай
яриа аль эртнээс цухалзаж байсан бөгөөд тийм тохиолдолд С.Баярцогт АНУ уруу сурах
нэрийдлээр зугтана ч гэж бас яригдаж байв. Албан тушаал, эрх мэдэлгүй болсон хүний авлига, хээл хахуулийн хэргүүдийг нь ямар ч хамгаалалтгүйгээр сөхөж шалгах нь ойлгомжтой. Тиймдээ
ч шалгагдаж хоригдохоос айсан С.Баярцогт мэтчилэнгийн авлигачид гадаад уруу зугтдаг нь уламжлал болсон зүйл.
Энэ дагуу С.Баярцогт УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээ шилжүүлсний дараа гадаадад сурах нэрийдлээр АНУ-д дөрвөн жил \”ичиж” байгаад 2020 оны сонгуулийн
өмнө ичээнээсээ гарч ирэхээр төлөвлөсөн гэнэ. Иймийн учир С.Баярцогт АНУ уруу \”зугтах” бэлтгэлээ базааж эхэлсэн нь тодорхой. Гэхдээ үүнийг нь түүнээс
өөр хэн ч мэдэхгүй, яг л оффшорын асуудал шиг. Оффшор компани, түүний Швейцарь дахь данс, нас барсан тохиолдолд 1 сая гаруй ам.долларыг хэрхэх тухай болон ноён Лео Шиу нэр зэргээс харахад С.Баярцогт өөрөөсөө өөр хэнд ч итгэдэггүй тийм л нууц байдалд ганцаархнаа ажилладаг юм билээ.
Тэгэхээр түүнийг чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэдэг шиг сонгуулийн шуугианаар анхаарал сулрангуут АНУ-ыг зорих гэж буйг хэн ч үл таамаглана. Гагцхүү энэ жилийн сонгуулиар аль нам ялахаас С.Баярцогтын ирээдүйн дөрвөн жилийн амьдрал АНУ уу, Монгол уу гэдэг сонголт шийдэгдэх гээд байна. С.Баярцогт өөрийг нь нэр дэвшүүлээгүй ч намдаа их том итгэл хүлээлгэж байна. Учир нь, АН ялж байж С.Баярцогт Монголд үлдэж, мөнгөтэй хүнд мөрөөдлийн оронд амар тайван шалгагдахгүй амьдарна.