\”Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм” болон \”Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, түүнд хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журам”-ыг баталлаа.
Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан нь даатгуулагчийн үндсэн мэдээлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын мэдээллээс бүрдэхээр дүрэмд тусгасан байна. Эрүүл мэндийн даатгалын цахим картын журамд картын загвар, түүнд хадгалах мэдээлэл, картыг олгох, хүчингүй болгох, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талууд цахим картыг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар тусгасан. Цахим картын санах ой бүхий чипэнд даатгуулагчийн эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл болох цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх болон даатгалын сангаас хариуцсан төлбөрийн мэдээлэл агуулагдана. Эрүүл мэндийн даатгалын цахим карт, системийг нэвтрүүлснээр даатгалын болон эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн сан бий болгож, даатгуулагч төлсөн шимтгэл, авсан тусламж, үйлчилгээний төлбөртөө хяналт тавих нөхцөл бүрдэнэ.