Нэгэнтээ \”гэрт байсан” ардын бүжгийг тайзан дээр гаргасан өвөө, \”Нарны домог”, \”Сурын дуулал”, \”Бөхийн дуулал” зэрэг бүжгэн жүжгийг бүтээсэн ааваараа бахархдаг реппэр хүү Сүхбаатарын Амармандахын төрсөн өдөр энэ сарын 28-нд тохионо.
Энэ удаад түүний төрсөн өдөр тун ч нижгэр болох бололтой. Учир нь уг өдөр буюу тавдугаар сарын 28-нд СТӨ-нд Ц.Сэвжид агсны 100 насны ойн хүндэтгэлийн тоглолтыг өргөн барихаар хэдийнэ бэлтгэл ажил хангагджээ.
Тоглолтонд ҮДБЭЧ-ын үе үеийн бүжигчид, ХЦҮДБЧ, ЦДБЭЧ, ДБЭТ, Хөгжим бүжгийн коллежийн Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан, Монголын хүүхдийн ордны уран бүтээлчид, \”Түмэн эх” чуулга, А.Долгор, Ш.Чимэдцэеэ нарын Ардын жүжигчид, Б.Түвшинтөгс, Х.Лхагвасүрэн, Д.Жаргалсайхан нарын Гавьяатууд, \”Хар сарнай”, \”Чингис хаан”, \”Харанга”, \”Хөсөгтөн”, \”Алтан ураг”, \”Бөртэ чонын үрс” бүжгийн хамтлагууд ,”Хатариш” Амараа зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Ийнхүү ойрын өдрүүдэд болоогүй нүсэр тоглолтын урилга хэдийнэ урлаг соёлын оддын гарт очсон байх агаад үзэгч таныг ч урьж байгаагаа дуулгана лээ.
П.УНДРАА
PHOTONEWS.MN