М.Сономпил, Д.Батцогт нарын араас С.Дэмбэрэл
АН-аар овоглох болов. ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн
нэг болох С.Дэмбэрэл намын гишүүн Ч.Базар, Р.Булгамаа нарын хамт АН-д элсч,
намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авсан нь ойрын өдрүүдийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж байна.
Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАХН-аас МАН-д
гишүүнчлэлээ сэргээсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг урваач шарваачаар нь дуудаж
байсан АН-ынхан нам нам дамжиж явсаар ,Иргэний Хөдөлгөөн, МҮАН, ИЗНН-ын нэр зүүсэн хэсэг нөхдөөр сүр бараатайгаар
эгнээгээ тэлсэн нь Зэ-гийн оффшорчдоосоо салахаар шийдсэн зоригтой алхам уу? арга
ядсан үйлдэл үү?.
Дотоодын зөрчил, фракцын зодооноо дийлэхээ больсон
З.Энхболд тойргийн маргаанаа дарж чадаагүй байж Чингэлтэй, Баянзүрхт гал татсан
нь АН-ынхны дунд дараагийн зодооны эхлэлийг тавьлаа. Учир нь С.Дэмбэрэл Чингэлтэй,
Р.Булгамаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших тохироотой орж ирсэн бол Ч.Базарын
тойрог тодорхойгүй байгаа аж. АН болон ИЗНН-ын хамтран
ажиллах гэрээний дагуу тэд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөх юм. Гэхдээ
нэр дэвших албан ёсны эрхийг нөгөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаас авах учиртай.