Өчигдөр АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн Л.Болдод бүлгийн шийдвэр дагаагүйг үндэслэж улстөрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ.Тэгвэл энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах хүсэлтээ өчигдөр хүргүүлсэн. Өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат түүний хүсэлтэд хариу болгож “УИХ-ын хуулийн дагуу найман хүний суудалтай АН-ын бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг долоон гишүүнтэй болж парламентад бүлэггүй болох эрх зүйн үндэс бүрдэж байна.