Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш Капитал банкны төв байранд нэгжлэг хийсэн билээ. Өдөр 15 цагт эхэлсэн нэгжлэг шөнийн 01.00 цагийн үед дуусчээ.
Үүгээр ч зогсохгүй “Капитал” банк нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас залгисан долоон тэрбум төгрөгөө шууд өгөх боломжгүй, цувуулж өгнө гэсэн албан бичиг илгээсэн нь олон хүний дургуйцлийг төрүүлсэн байна.
“Капитал” банкны харьяалагддаг Бишрэлт групп хотын төвийн А зэрэглэлийн бүсэд 20 орчим давхар өндөр худалдааны төв ашиглалтанд оруулж байгаа бөгөөд улсын төсвийн мөнгийг энэ барилгыг барихад ашигласан байж магадгүй гэх хардлага үүссэн. Тиймээс энэ удаагийн нэгжлэгийг АТГ-аас явуулсан бололтой.
Тэгвэл яг одоо АТГ-т УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авч байна. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК” компаниараа дамжуулж ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлтэй нь холбогдуулан “Капитал” банкны бичиг баримтыг хурааж, шалгаж байж магадгүй.
Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай “ЖДҮХС-гаас олгогдсон зээл зориулалтын бусаар ашиглагдаж байна уу, үгүй юу, график төлөвлөгөөний дагуу эргэн төлөлт нь хийгдэж байгаа эсэх, тухайн зээл нь гадуур яригдаад байгаатай адил буюу санхүүгийн байгууллагад шилжиж, мөнгө хүүлсэн явдал болоод байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг шалгаж байна” гэв.