Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг богиносгож, 30 сар болгохоор тогтсон. Энэхүү журмыг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх гэж байна.
Учир нь Монголбанкны Мөнгөний бодлогын хороо одоо мөрдөгдөж байгаа 40 сарын хугацаа хэтэрхий урт учир иргэдийн нуруун дээр ирэх өрийн дарамт хэт хүнд тусч байна гэж үзэж ийнхүү цөөрүүлсэн байна.
Иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ.
Банкуудаас авсан иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар буюу ихэнх нь 30 сараас доош хугацаатай байна. Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад зээлд хамаарна.