2015-09-07 ны өдөр 19.30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1-р
хороо 15-р байрны тоотод оршин суух Франц улсын иргэнийг гэмт этгээд хутга
тулган гэрт нь авч орон айлган сүрдүүлж, гар хөлийг нь хүлж эд зүйлсийг нь
дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт
хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн гэмт хэргийн халуун мөрөөр тасралтгүй
ажилласны үр дүнд гэмт этгээдийг 72 цагийн дотор
илрүүлжээ. Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай Д овогтой О гэгч
үйлдсэн нь тогтоогджээ. Гэмт хэрэгтэн баривчлагдах үедээ хохирогчийн дээрэмдүүлсэн
IPAD, цахим карт, гар утас зэрэг зүйлсийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар
хурааж аваад байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
буюу зөвхөн дээрэмдэн авахаар довтолсон айлган сүрдүүлснээр гэмт хэрэг үйлдсэнд
тооцдог бөгөөд заавал эд зүйлсийг авсан байх болон хохирлын хэмжээг заагаагүй
юм. Хүнд хэргийн ангилалд багтдаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь онц хүнд хэргийн
бүрэлдэхүүнд ордог ноцтой хэрэг юм. Ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл
хугацаатай хорих ял оногдуулдаг. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт
хэрэгтэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн нь гадаад улсын иргэн гэмт халдлагад
өртсөн олон хэргүүдийг тухай бүрт нь илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоон
ажиллаж байна.
Он гарсаар Улаанбаатар хотод 2015 онд
12203 гэмт хэрэг үйлдэгдснээс гадаадын иргэн өртсөн 84 хэрэг байгаа нь нийт
гэмт хэргийн 0,6 хувь нь байна. Цагдаагийн байгууллага гадаадын иргэн өртсөн
гэмт хэргийг 100 хувь илрүүлсэн гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас
мэдээллээ.