Жил бүр Үндсэн хууль баталсан өдөрт зориулж зохион байгуулагддаг сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор явагддаг энэхүү тэмцээнд шатрын спортын цол, зэрэггүй шатарчид оролцдог бөгөөд ийнхүү шигшээ тоглолтоо эхлүүлж байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газар ажиллаж, нийслэл, аймаг, дүүрэг, сумдын ИТХ болон Монголын Шатрын Холбоотой хамтран үе шаттайгаар зохион байгуулдаг юм.
Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар оролцож дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй багийн тамирчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Орхон аймгаас оролцож буй, 18 настай А.Золжаргалтай эхний нүүдлийг хийж тэмцээнийг эхлүүллээ. Энэ удаагийн тэмцээнд шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар мөн өрсөлдөж байна.
Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастерийн цол олгож, улсаа төлөөлөн Ази тивийн шатрын сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно.