Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг уламжлалт тэмцээн болох Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр аваргуудаа тодруулжээ.
Долоо дахь удаагийн энэхүү тэмцээн нь гурван үе шаттайгаар явагддаг бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард анхан шатны тоглолтоор эхэлсэн. Уламжлалт энэхүү тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарчин оролцсоноос шигшээ тоглолтонд 134 шатар сонирхогч хөлгүй талын цусгүй тулаан хийлээ.
Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийн төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал тэргүүлж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал хоёрдугаарт, Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх гуравдугаарт шалгарав.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Ө.Уянга тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцож буй Г.Ариунбаяр, Төв аймгийн оролцогч Д.Баасанжаргал нар удаах байрт шалгарсан байна. Тэмцээний төгсгөлд медальт байрт шалгарсан оролцогчидод шатрын спортын “Дэд мастер” цол олгожээ.
Мөн шилдэг эрэгтэй ахмад тоглогчоор Б.Дүүрэнбаяр, шилдэг эмэгтэй ахмад тоглогчоор Г.Цэгмэд нарыг тодруулсан байна.