Өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 2018 оны тайлан болон энэ оны төлөвлөгөөгөө танилцууллаа. Өнгөрөгч онд улсын төсөвт 510 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн үзүүлэлт болсныг мэдээллийн эхэнд онцоллоо.
Компанийн зүгээс олон нийтийн анхаарлыг татаж буй 1072 хувьцааг хэзээ арилжаанд оруулах болон ногдол ашиг тараах эсэхийг ирэх дөрөвдүгээр сард эцэслэн шийднэ. Үүний тулд эхлээд тус компанийн 2018 оны санхүүгийн тайланг аудитаар оруулж нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох нь тодорхой болгох аж. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, иргэдэд олгох ногдол ашгийн талаарх саналаа Засгийн газарт хүргүүлж, чиглэл авсны дараа олгох, эсэх шийдвэрийг гаргана.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэдийн 1.3 сая орчим нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байгаа аж. “1,072 мэдээллийн төв” нээгдсэнээр 2018 оны тавдугаар сараас хойш 500,000 гаруй иргэн хувьцааны нэрийн дансаа нээлгэжээ.