Өнөөдөр хошигномоор санагдаад фейсбүүк хуудсанд “Хоёрдугаар сарын 29, 30, 31-нд гурван өдөр ажиллах хүн хэрэгтэй байна. Өдрийн цалин 300 мянга. Хамгийн гол нь календараа харчихаад залгаарай” гээд пост оруулчихгүй юу. Тэгсэн бараг л ажил олгогч эздийн холбооны тэргүүн шиг юм боллоо.
“Хаана вэ”, “хэзээ вэ”, “яг үнэн үү”, “хэдэн хүн ажилд авах вэ”, “дэмий балай юм бичиж, хүмүүсээр тоглохоо больж үз”, “заавал хоёрдугаар сарын сүүлээр юм уу, одоо завтай байна” … гэгчлэнгээр маш олон зурвас хувийн чатаар ирлээ. Миний бичсэн постыг уншаад хүмүүсийг инээх байх, ядаж л инээж байгаа иможи дарах болов уу гэж бодсон боловч эсрэгээрээ маш олон хүнд уурласан хариу үйлдэл үзүүллээ. Надтай адил маазарсан, савж унатлаа инээж буй иможи оруулсан хүмүүс байсан ч гэсэн ихэнх нь үнэхээр ажлын зар гэдэгт итгэж, худал мэдээлэл болохыг мэдсэн даруйдаа тун ихээр уурлаж ундуйцаж байлаа.
Одоо ч би зарим хүмүүсийн уурлаж бичсэн сэтгэгдлийг бодоод шокын байдлаас гарч чадахгүй л байна. Уг нь “календараа харчихаад залгаарай” гэдэг хамгийн сүүлийг өгүүлбэрийг нягтлаад, Хоёрдугаар сарын 29, 30, 31 гэсэн эхний өгүүлбэрийг анхааралтай ажиглахад л энэ хуурамч буюу хошигносон пост болохыг тэр дороо ойлгохоор…
Гэвч үүнийг ойлгохыг “хүсэхгүй байгаа” олонх байна. Ойлгосон ч буруу бичсэн байлгүй гэж итгэл тээх хэсэг ч байна. Хамгийн гол нь энэ бүгдийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас ашиглан иргэдийг юу гэж ч хуурч, ямар ч мэдээлэл тавьж болохоор юм байна гэсэн эмзэглэл төрөв. Уг нь нийгэм энэ худлаа мэдээ шүү гээд хүлээгээд авчихдаг байсан бол миний “тэнэг” пост нэг их газар авалгүй тэгсгээд л устах байсан биз. Гэтэл хайхрамжгүйгээр уншсан зүйлдээ итгэсэн иргэд болоод худлаа гэдгийг мэдснийхээ дараа айхтар зурвасууд бидний ямар амархан тоглоомыг өгөөш болдог вэ гэдгийг илэрхийлж байна.
Та хууртчихлаа. Энэ хэний буруу вэ. Таны л буруу. Нийгэм тэр аяар хууртлаа. Энэ хэний буруу вэ. Нийгмийн л буруу. Тэгэхээр хуурагч этгээд ямарч шийтгэлгүй учраас ядаж уншиж буй мэдээллээ нягталж байгаарай. Цаагуур чинь ажилд авна гээд хуурчихдаг энэ постоос илүү ноцтой, сөрөг үр дагавартай постууд олон цацагдаж байгаа шүү.