Өнөөдөр Сүхбаатарын талбайд УИХ-ын хэсэг гишүүд болон тэднийг дэмжигчид УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардан тайван жагсаал зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан иргэд болон гишүүдийг УИХ-ын дарга хүлээн авч уулзсан байна. УИХ-ын даргатай уулзахаар есөн хүн орсон байна. Энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Ингээд бид итгэл тээгээд ордонд орж ирлээ. Гэтэл энд орж иртэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга 30 хуудас хийсэн ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана. Гэхдээ бид үймээн самуун дэгдээж болохгүй. Жагсаалын зорилгыг өөрчлөх МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн зорилгыг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна” гэв.
Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “УИХ-ын дарга өөрт нь тавьсан өмнөх шаардлагад хариу бэлдэж тэдэнтэй уулзсан. Жагсагчид өөрсдийн шаардлагаа өгөөд УИХ-ын даргын хариултыг сонсоогүй. 30 хуудас материал байхгүй. Гурван хуудас материал өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын албаны ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон” гэж тайлбарлалаа.
Жагсагчид одоо Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлт хүргүүллээ. Одоо Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдаж байна.