Канад улс 2019-2021 онуудад нэг сая цагаач хүлээн авахаар болсныг “CNN” агентлаг мэдээллээ. Энэ талаар Канад улсын Цагаачлалын газрын сайд Ахмед Хуссэн “Канад улс тогтвор суурьшилтай амьдрах цагаачид хүлээн авахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгджээ. Канад улс нь өнгөрөгч 2017 онд 286 мянга гаруй иргэнийг байнгын оршин суугчаар хүлээн авчээ. Харин энэ онд 350 мянга, 2020 онд 360 мянга, 2021 онд 370 мянган цагаачийг хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Ийнхүү цагаачдыг олон тоогоор хүлээн авах нь улсын эдийн засагт сайнаар нөлөөлж хүчирхэгжүүлэх талтай гэнэ. Мөн “цагаачдын дундаж наслалт залуу байх нь Канадын хүн амын болон ажиллах хүчний хомсдлыг эерэгээр шийдвэрлэх боломжтой болно” гэж үзжээ. Улсын хэмжээнд насжилт нэмэгдэж, төрөлт эрс багассан шалтгаанаар энэхүү шийдвэрийг гаргах болсон байна. Канад улс нь 1990 оноос хойш 6.2 сая цагаачийг хүлээн аваад байна.