Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ:
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ,
Манай оронд суугаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн тэргүүн нар аа,
Хатагтай, ноёд оо,
Өнөөдөр бид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 25 жилийн ойг тэмдэглэж, УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан хийж байна.Саяхан УИХ-ын дарга парламентын 25 жилийн түүх, үйл ажиллагаа, парламентат ёсны тухай ярьсан учраас давтан хэлээд хэрэггүй байх гэж бодож байна.Мөн Улсын Бага Хурлын дарга, эрхэм Р.Гончигдорж миний дараа үг хэлэх учраас Бага Хурлын үйл ажиллагааны тухай дэлгэрүүлэн ярих хэрэггүй болов уу.
Бид таван жилийн өмнө Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 20 жилийн ойг тэмдэглэж, энэ хугацаанд явж ирсэн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж, цаашид юу хийх вэ гэдгээ ярилцаж байсныг тодхон санаж байна. Тэр ойн Хүндэтгэлийн хуралдаанд би дэлгэрэнгүй үг хэлж байсан.Тэнд ярьж хэлж байсан зүйлүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгааг энд тэмдэглэн хэлье.1990 оны долдугаар сарын 29-нд болсон анхны ардчилсан, олон намын оролцоотой сонгуулиар бүрэлдсэн Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулж, Улсын Бага Хурлын хуралдаан яг энэ өдөр энд эхэлж байсныг сайн санаж байна.Тухайн үед Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан Д.Маам гуай бид хоёр Улсын Бага Хурлын гишүүдийн тангараг өргөх үеэр тангарагийн үгийг бэлтгэх үүрэг аван ажиллаж байсан.Тэгээд бид олон янзаар оролдсон боловч эзэн Чингис хааны \”Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” хэмээх агуу үгнээс өөр үг олж чадаагүй.Ийм үгээр Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.
1990 оны долдугаар сарын 29-ний сонгууль болж, 30-н болоход Монголын ард түмэн жинхэнэ ёсоор эрхээ эдэллээ, сонголтоо хийлээ хэмээн бид бүгд баярлаж байсан.Тэр үед ардчилсан хүчний төлөөлөл ялагдсан.Нэлээн том ялагдлыг хүлээсэн хэдий ч бид сэтгэл хангалуун байсан.Тухайн үед сонгуульд оролцсон намын гишүүд чин сэтгэлээсээ баярласан гэж би боддог.Монголчууд яллаа, бид өөрсдөө төр засгаа сонгодог боллоо хэмээн нүдэндээ нулимстай баярлаж байсан.Тухайн үед төрийн эрхийг дангаараа барьж байсан МАХН ч гэсэн бусад намуудтай хамтран төр барихаар болж, үүндээ намын гишүүд ч гэсэн гуниж гутсан зүйлгүй байсан.Тэд ер нь ийм байх нь зүйтэй юм байна гэсэн ойлголттой болж, нийлэн нэгдэж, хамтран ажиллаж байсан юм.Одоо эргээд Улсын Бага Хурлыг эргээд бодоход Монголд бий болсон, ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа байнгын ажиллагаатай парламентын бүрэлдэхүүнүүдээс онцлог зүйл бий.
Нэгдүгээрт тэр Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн асар их ёс зүйтэй бүрэлдэхүүн байжээ гэжбоддог.Ёс зүйтэй байсан учраас ард иргэдийнхээ хүндэтгэл, итгэлийг хүлээсэн бүрэлдэхүүн байж чадсан.Нэгэнт ард иргэдийнхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж байгаа учраас асар их бүтээлч байж чадсан. Хоёр жил ч хүрэхгүй ажилласан шүү дээ, 1990 оны есдүгээр сард цуглаж, 1992 оны зургадугаар сард ажлаа хүлээлгэж өгч байсан. Нийт 21 сар л ажилласан байдаг.Энэ хугацаанд үнэхээр монголчуудын олон зуун жилд бодож зүтгэж явсан тэр эрх зүйт төр, монголчууд өөрсдийн бодлогоо тодорхойлоод явах тэр боломжийн үндэс суурийг тавьж чадсанаараа гайхамшигтай парламент байжээ.Анх Улсын Бага Хуралд орж ирж ажиллаж байсан хүмүүс тэр бүр өөрийн хүсэл зоригоор орж ирж ажиллаагүй.Тэд \”Би Улсын Бага Хурлын гишүүн болж, саарал ордонд суумааргүй байна” хэмээн нөхдөдөө хэлж байсан.Тэгээд санал хураагаад \”Чи орж сууна аа, Улсын Бага Хурлын гишүүн болно” хэмээн бусад нь итгэл хүлээлгэж байсан.
Учир нь тухайн үед энэ ордонд ажиллана гэдэг бол эрх ямба юм байна гэж боддог байсан учраас зугтаж байсан юм.Харин орж ирж ажилласны дараа эрх, үүрэг юм байна, энэ бол хариуцлага юм байна, энэ бол ачаа юм байна гэж ойлгосон.Ардчилсан орны парламентын гишүүн гэдэг тухайн орныхоо ард иргэдийн өмнө ачаа үүрдэг юм байна, ёсзүйтэй, хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг би ч хувьдаа ухаарч байсан.
Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна. Ер нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн гэдэг бие биедээ татагдаж, биендээ их ойрхон байхыг боддог байсан санагддаг. Би хувьдаа энэ парламентын бүрэлдэхүүнд дөрвөн удаа сонгогдон ажиллаж байсан. Харин Улсын Бага Хурлын гишүүдийн байдал арай өөр байсан. Ямар учраас тийм байсан юм гэж бодохоор үзэл санаанд тулгуурласан, үүрэг хариуцлагаа асар их ухамсарласан тийм бүрэлдэхүүн насан туршдаа ийм ойрхон байдаг юм байна. Тэр үзэл санаандаа үнэнч байдаг юм байна. Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байгаад төр нийгмийн олон салбарт ажилласан хүмүүс бий. Ихэнх нь сайн ажилласан байдаг. Тэд тухайн үед баримталж байсан үзэл санаандаа үнэнч, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэж явсан хүмүүс байдаг.Тэгэхээр үзэл санаа гэдэг бол агуу, урт удаан амьдрах чадвартай юм. Энэ нь хүний нэг насны амьдралыг ч давж оршин тогтнох чадвартай юм байна.
Өнөөдөр бид байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойгоо тэмдэглэж, хүндэтгэлийн чуулган хийж байна.Энэ бол аливаа улс орон хөгжлийн нэг зам сонгож аваад, дүгнэлт хийх хугацаа юм.Бидний өвөг дээдэс ч тодорхой хугацааны дараа дүгнэлт хийдэг байсан, одоо бид энэ дүгнэлтийг хийх цаг болжээ.Бид чухам юун дээр алдав, юун дээр онов, одоо бидэнд зайлшгүй хийх шаардлагатай зүйл юу байна вэ гэдгийг бодох цаг иржээ.Өнөөдрийн энэ УИХ-ын гишүүд бол энэ 25 жилийн буухиаг авч явж байгаа хамгийн эрхэм хүндтэй хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ.Энд Улсын Бага Хурлын үеэс эхлэн сонгогдоод ажиллаж, төрд зүтгээд явж байгаа хүмүүс байна.Өмнөх УИХ-ын бүрэлдэхүүнд байсан болон анх удаа сонгогдсон хүмүүс ч бий.Энэ утгаараа та бүхэн энэ 25 жилийн бүтээгдэхүүн юм.Энэ 25 жилийн парламентын, ард түмний итгэлийг хүлээж авч явж байгаа хүмүүс бол та бүхэн. Тийм учраас бид өнгөрсөн 25 жилд чухам юу болов, цаашид бид чухам юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг өнөөдөр ярилцаж, нэгэнт хэлж, ярилцсан бол энэ үйл ажиллагаагаа үйл хэрэг болгохын төлөө тууштай, цаг алдахгүй ажиллах ёстой. Нэг үгээр хэлэхэд байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн эзэд нь бол та бүхэн шүү.Энэ шийдвэрийг гаргах хүмүүс нь та бүхэн шүү.Та бүхнийг Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын гишүүд, сонгогчид ч харж байгаа.
Ингээд би олон зүйл хэлэлгүй, Монголын төрд энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа гурван зүйлд та бүхний анхаарлыг хандуулъя.
Нэгдүгээрт, Бүгдээрээ хариуцлагатай, ёс зүйтэй улс төртэй болъё.\”Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж ярилцдаг.Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой.Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Энэ ажлыг бид эхлэхгүй бол болохгүй нь ээ.Хариуцлагатай, албан тушаалын ёс зүйтэй байх нь чухал байна.Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж яваа хүний хувьд хариуцлага таван шаттай байдаг гэж боддог.Хамгийн эхнийх нь ёсзүйн хариуцлага.Энэ бол ийм өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд заавал дагаж явах ёстой хариуцлага юм.Харамсалтай нь өнөөдөр ёс зүйн хариуцлага харуулж байгаа төрийн өндөр албан тушаалтан, сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан харагдахгүй байна.Харин Улсын Бага Хурлын үед харагддаг байсан шүү.
\”Өөрийнхөө цалинг 20-р тогтоолоор хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашигласан байна.Тэр мөнгөнөөсөө чихэвчний хоёр ширхэг магнитафон авсан байна” хэмээн Улсын Бага Хурлын гишүүнийг албан үүргээс нь чөлөөлж байсан.Тухайн үед 160 төгрөгийн үнэтэй байсан магнитафон байсан.Тэгээд худалдан авсныг нь эд мөрийн баримтаар тогтоогоод, эзэн нь хүлээн зөвшөөрөөд Улсын Бага Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан.Ийм өндөр хариуцлагатай, ёс зүйтэй төртэй байсан юм шүү бид.Б.Чимид гуай \”Бид хөдөө томилолтоор явахдаа илүү зардал гаргасан бол дараа нь цалингаасаа төлдөг байсан” гэж ярьдаг байсан.Гэтэл өнөөдөр ингэж байгаа төрийн албан хаагч байна уу? Өнөөдөр улсын мөнгөнөөс илүү зарцуулсан бол дараа нь өөрийн мөнгөнөөс нөхөн төлж байгаа хүн байна уу?
Тогтворгүй гэдэг үгийг хурал зөвлөгөөний үг биш болгоё
Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага гэж байна.Улс төрийн хариуцлага гэдэг нь тухайн албан тушаалд би тэнцэхгүй байна гэж хэлээд чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм. Гуравдугаарт, Монгол Улсын иргэн хүний хувьд иргэний хариуцлага байх ёстой.\”Би ийм зүйлийн төлөө зүтгэж, ийм нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой” гэсэн санаатай байх ёстой.Дараа нь захиргааны, дараа нь эрүүгийн хариуцлагабайна. Гэтэл өнөөдөр явж явж эрүүгийн хариуцлага хүлээх түвшинд очоод алга болж байна шүү дээ.
Иймээс Монголд хариуцлагын тогтолцоо алга байна.Хариуцлагын тогтолцоо байхгүй бол ардчилал, ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй.Дарга нар нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй.Би хариуцлагын тухай ярихдаа хүний тухай ярьдаггүй, би Монгол Улсын тухай ярьдаг.Би улсаа бодож хариуцлагын тухай ярьж байгаа юм.Бүгдээрээ улсаа бодъё л доо.Энэ нийгэмд өөр өөрийн амьдралаар, өөрийн сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ.Заавал энэ улс төрд орчихоод, хариуцлага хүлээхгүй, бүдүүлэг зан авираа гаргаад Монгол Улсыг хохироогоод явж болохгүй.Бид одоо ийм зүйлтэй хариуцлага тооцдог болох ёстой.Бид үүнтэй холбоотой хууль тогтоомжоо гаргах хэрэгтэй.
Ард түмний халуун итгэл хөрч байна гэхэд та бүхэн бүгд зөвшөөрдөг шүү дээ.Энэ хүмүүсийн сэтгэл, халуун итгэл үгүй болж, хүмүүсийн дотор бүр мөс хөрч байна шүү.Энэ нь төрд, парламентад хариуцлагын тогтолцоог авчир гэдгийг сануулж байгаа юм.Ирэх сонгуульд та бүхэн юу ч гэж амлаж, ярьж болно.Энэ хариуцлагын тогтолцоог л бий болгохоос нааш бүгд худлаа болно.Үүнийг бид 25 жилийн турш харлаа.Юу ч гэж амласан ард түмэн хүлээж авахгүй болсон доо.Үүнийг ойлгож, нам эвслийн хурлаараа ярилцах хэрэгтэй шүү дээ.Би Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хэмээн маш тодорхой нэр томъётой хууль санаачлан УИХ-д өргөн бариад олон сар болж байна.Гэтэл хэлэлцэхгүй байна.Энэ хуулийг хэлэлцэхийг үнэхээр шаардаж байна.Энэ удаагийн, энэ аравдугаар сард эхлэх УИХ-ын чуулганаар эхний хэлэлцэх асуудлуудын дотор энэ хуулийг оруулж өгөөч ээ.Та бүхний ард Монгол, Монголын төр үлдэх ёстой.Аливаа ажил хийж, өндөр албан тушаал хашиж байгаа хүн бол миний ард юу үлдэх вэ гэдгээ боддог байх ёстой.
Энэ хуульд хариуцлагын тогтолцоог бий болгож, өнөөгийн түвшинд хүргэхийг бид эрмэлзсэн.Энэ хуулийг хэлэлцүүлж өг.Өнөөдөр Монгол Улсын бодлого, улс төр тогтворгүй байна гэж та бүхэн ч гэсэн хурал зөвлөгөөний үеэр ярьдаг.Энэ тогтворгүй гэдэг үгийг хурал зөвлөгөөний үг биш болгоё.Үүнийг бид засч залруулах ёстой.Бид тогтворгүй байгаа тухай хэчнээн ярих юм бэ?Тэгэхээр тогтворгүй байдал яагаад бий болоод байна гэсэн чинь ерөөсөө хариуцлагагүй байдал тогтворгүй байдлыг бий болгоод байна.Алдаа гаргасан бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, засч залруулдаггүй.Үүний улмаас хүмүүсийн итгэл алдарч байгаа нь тогтворгүй байдал үүсгэж байна.
Хариуцлагатай байдал нь тогтвортой, тууштай, итгэлтэй байдлыг бий болгодог.Иймээс бид Монголын улс төрд хариуцлагыг авчирах цаг болсон.Энэ чиглэлээр УИХ-ын бүрэлдэхүүн тодорхой ажил хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.Захиргааны хууль, манай төрийн захиргаа өөрөө хуульгүй, бие даасан байдалтай явж ирсэн шүү дээ.Захиргааны шүүх гэж бий болгоод захиргааны хууль батлаагүй байсан.Замын цагдаа гэж бий болгочихоод дүрмийг нь батлаагүй байсан.Одоо дүрмийг нь баталсан.Одоо энэ хуулийг захиргааны бүх шатанд хатуу хэрэгжүүлэх ёстой.Мөн Нийтийн сонсголын тухай хууль гэж байна.Хариуцлагыг зөвхөн УИХ ярьдаг юм биш.Үүнийг аймгийн, сумын Хурлаар бас ярилцах ёстой.Хариуцлагыг ард иргэд, олон нийт шаардаж байх ёстой.Энэ индэрийг, эрх зүйг нь УИХ хангаж өгсөн юм шүү.Одоо үүнийг ажиллуулах цаг ирсэн.Үүнийг манай иргэд, сонгогчид шаардах цаг болсон.
Энэ намраас эхлээд манай иргэд сум бүхэнд хариуцлагын талаар ярилцаж, шаардах боломжтой болсон.Хариуцлагагүй дарга нар, албан тушаалтан байгаа бол Нийгмийн сонсголын тухай хуулийн дагуу авч хэлэлцэх эрхтэй.Томилгоо, төсөв, хариуцлагын тухай сонсгол гээд бүгд байгаа.Одоо энэ хуулийн дагуу энэ тогтолцоог хэрэгжүүлье.
Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой
Мөн энэ чиглэлд Шилэн дансны тухай хуулийг баталсан.Энэ хууль дөнгөж батлагдсаны дараа олон нийтээрээ ихэд анхаардаг байсан бол одоо мартах хандлагатай болж эхэлж байна.Бид эргээд анхаарах хэрэгтэй.Би Шилэн дансны тухай хуулийг өргөн барьж байхдаа \”Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан бүхэн өглөө бүр Монголд Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой” гэж хэлж байсан.Тэгээд энэ хуулийг дагаж мөрдөхгүй байгаа сайд дарга нар хариуцлага хүлээгээсэй.Ингэх юм бол Монголд хариуцлагын тогтолцоо бүрдэнэ.Би үүнийг дахин шаардаж байна.Энэ хуулийг хэрэгжлтэд олон нийт ч аудитын байгууллагууд ч хяналтаа тавих ёстой.
Төрийн алба хэрхэн ажиллаж байгаагаас улс орны тусгаар тогтнол хамаардаг
Мөн УИХ-д өргөн барьчихаад байгаа Төрийн албаны тухай хууль байна.Төрийн албаны тухай бид хангалттай ярьсан тул илүү зүйлийг би яримааргүй байна.Төрийн алба шиг төрийн албатай болох цаг ирсэн.Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай төрийн албатай болох ёстой.\”Нэг нам яллаа, хэдэн хүний ажлаас нь халлаа, төрийн албыг ингэж бужигнууллаа” гэж бид ярьдаг.Одоо төрийн албыг байх ёстой журманд нь оруулж ажиллуулах хэрэгтэй.Төрийн алба хэрхэн ажиллаж байгаагаас улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хамаардаг шүү дээ.
Энэ нь эргээд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой байдаг. Тийм учраас төрийн албыг дураараа самардаг байдалд цэг тавья. Энд сууж байгаа парламентын голлох намын дарга нар суугаад, бусад албан тушаалтнууд нь оролцоод, бүрэн хэмжээний танилцуулга хийсэн. Хуулийг өргөн барьчихсан байгаа. Энэ хуулийг батлаад ирэх сонгуулиас өмнө хэрэгжүүлнэ.Төрийн албыг ингэж бужигнуулж болохгүй. \”Одоо та нар бужигнуулж байна. Дараа нь бидний ээлж. Бид нэг хэсэг бужигнуулж аваад энэ хуулийг чинь батлая” гэж хэлж болохгүй. Ийм байдалтай хандаж болохгүй.Юм сонссон ч сонсоогүй юм шиг дүлий дүмбэ суугаад байж болохгүй. Одоо бид нар энэ байгаа байдлаа ярьж, шийдвэрээ гаргах цаг болсон.
Улс төрийн нам гэдэг албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш
Улс төрийн намын тухай хууль. Үүнийг намын байгууллагууд, энд байгаа улстөрчид олон талаас нь оролцож олон жил ярилцсан ч гаргаагүй. Тэгээд болохгүй болохоор нь энэ хуулийг Ерөнхийлөгч авч боловсруулъя. Бэлтгэе. Саналуудыг авъя гээд ерөнхийд нь нэгтгээд,саналуудыг аваад, олон нийтэд танилцуулаад явж байгаа. Зарим нь зохион байгуулалттайгаар тэр хуулийн төслийг унагахын тулд өөр хууль санаачилна, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж зориуд зохион байгуулалттай зогсоохын тулд явж байна. Бид харж байгаа. Олон нийт харж байгаа. Энэ хуулийг өргөн барина. Энэ чуулганаар батлаарай гэдгийг хэлье гэж бодож байна.
Ер нь улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байх ёстой. Ялагдсан нөхөд нь суугаад бид нар яагаад улс орныг буруу авч явав. Ямар учраас бид ялагдав гэдэгтээ дүгнэлт хийгээд цаашдаа яаж авч явах вэ гэдэг дээр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө бэлтгэж байдаг. Түүнийг хэрэгжүүлэх багийг бий болгож байдаг. Тэр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд ойлгуулж байдаг.
Эрхээ хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь хийсэн судалсан зүйлээ улс, эх орныхоо тусын тулд хэрэгжүүлээд явж байдаг. Дээрээс нь улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчид, Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах үнэхээр шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой.Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна. Өөрсдөө үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Энд хөтөлж чадах хариуцлагатай, чадалтай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барьж, эрх барихад оролцож байгаа бол ийм байх ёстой. Гэтэл хариуцлагагүй, хариуцлагаас гадна объект болчихоод байгаа шүү дээ. Бид бүх байгууллагаас хариуцлага шаарддаг мөртлөө улс төрийн намаас хариуцлага шаардаж чадахгүй л байгаа. Тийм малгайн дор орсон нөхөд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон.
Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, энэ ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү. Энэ байдалд бүгдээрээ цэг тавья. Ингэж цаашаа хөгжлийнхөө байдлыг тогтооё. Ийм шалгуурыг бий болгоё. Хэрэв нам хариуцлагатай болохгүй бол төр хариуцлагатай болохгүй байна. Бид их олон зүйл яриад, урт үг хэлээд байх хэрэг байхгүй. Хэлсэн, ойлголцсон, одоо үүнийгээ бид хийх л хэрэгтэй.
Улс төрчдийн, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ажил бол гаргаж байгаа шийдвэрээр нь л батлагддаг. Түүнээс биш телевизээр юу гэж ярьж байгаа, ямар мэдэгдэл хийж байгаагаар батлагддаггүй юм. Биелдэггүй юм гэдгийг энд хэлье. Ёс зүй гэдэг бол улс орныг урагш нь түлхдэг.Хариуцлага гэдэг бол тогтвортой байдлыг бий болгодог. Дэг журам бол эргүүлж юмыг нэгтгэдэг.Бид нар үнэхээр нэгдэж ажиллах ёстой. Нэгдэж ажиллахдаа энэ нь шударга ёсон дээр, шударга тогтолцоонд суурилсан ийм л эв нэгдэл байх ёстой. Үүний төлөө л бүгдээрээ явъя.
Ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй
Хоёрт нь миний хэлэх гэсэн зүйл бол гүйцэтгэх засаглалын бүтээх, тогтвортой байдлыг хангая.Үнэхээр ингэхгүйгээр болохгүй байна. Бүх намуудаас гарч байгаа судалгаа байна. Манай дотоодоос хийж байгаа болон олон улсын байгууллагын судалгаа байна. Үр ашгийн талаас нь авч үзэхэд Монголд байгаа хамгийн үр ашиг муутай ажиллаж байгаа нь гүйцэтгэх засаглал байна. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах орчин, тийм тогтолцоо Монгол Улсад бүрэлдээгүй байна гэсэн дүгнэлтийг маш олон газар хийж байна. Үүнийг бид өнөөдөр амьдрал дээрээ мэдрээд гарч байгаа. Ийм учраас үнэхээр гүйцэтгэх засаглалыг бүтээлч болгоё. Нэгэнт бүтээлч болгох үйл ажиллагааг тавиад явж байгаа бол тодорхой шийдвэрээрээ харуулъя. Өнөөдөр Засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдэж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Бараг намайг одоо ингээд хэлэх гэвэл \”Нэр хэлбэл яана даа. Үүнийг ярьчих вий дээ” гэж зарим нь дотроо ичиж байгаа. Засгийн газар руу өөр өөрийнхөө хүнийг, өөр өөрийнхөө төлөөллийг оруулж, тэднээр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ. Худлаа юм ерөөсөө байхгүй. Үүний ард сууж байдаг, ард нь зэс хошуугаа хатгачихсан, араас нь сороод сууж байдаг, ийм л улсуудын төлөөлөл болж орж ирж байгаа шүү дээ, зарим этгээд. Тийм биз.
Үүнийг ард түмэн хараад байна. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа юм байна даа. Засах байлгүй дээ гэж бодно. Хоёр удаа хийгдэж байгаа бол алдаагаа давтлаа гэж хардаг. Гурван удаа бол энэ биш боллоо шүү гэдэг. Дөрвөн удаа, таван удаа давтагдлаа, одоо больё. Одоо арай хэтэрлээ. Ингэж Засгийн газраа байгуулдаг. Өвстэй хашаанд хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг малчин шиг, иймэрхүү хувиа бодсон байдлаар хандаж болохгүй. Одоо зогсоё. Үүнээс цааш яаж явах юм бэ. Нэгэнт ийм улсуудаас бүрдсэн Засгийн газар яаж бүтээлч байх юм. Араасаа аалзны шүлс шиг татуургатай. Ийм улсуудаас бүрдсэн Засгийн газар яаж улс орны, ард түмний өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг зоригтой, бүтээлчээр хийгээд явж чадах юм бэ.
\”Надад өгдөг татвар хаана байна” гээд зарим албан тушаалтнууд бүр тодорхой албан тушаалтнуудаас мөнгө нэхдэг болж байгаа гэж яригдаж байнаа. \”Чи тэдэн саяыг аваад ир.Тэр тендэр, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна ” гэж ярьдаг. Одоо энд байгаа сайдууд \”би ардаа ийм амлалт өгч байж сайд болсон. Би амлалт өгөлгүйгээр, арай бага амлалт өгч сайд болсон шүү” гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй. Уламжлалтай, түүхтэй төр шүү. Одоо больё. \”Элбэгдорж ярьж байна. Ерөнхийлөгч ярьж байна. Яриад л өнгөрөх байлгүй дээ” гэж битгий бодоорой. Миний ард нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Нэхэл хатуутай олон түмэн байгаа шүү. Би энэ олон түмний санал бодлыг хэлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн гэдэг бол өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал шүү дээ. Тэр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалын өмнө өөрийгөө тавиад хар л даа. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа фракц гэж нэрлэгддэг, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хар даа. Ийм байдлаар, ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй. \”Манай хүн орохгүй бол танай хүнийг оруулахгүй” гэж. Энэ юу гэсэн үг вэ.
Би орохгүй, миний хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй гэж, үүний төлөө л байлдаж байна шүү дээ. Үүний төлөө л та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, үүний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Үүний төлөө хүмүүсийг бүр ядаргаанд оруулж байна шүү дээ. Үүнээс болж хүмүүс улс төрөөс залхаж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн юм шүү. Бид хүний эрхшээлд байхдаа ийм түүхийн дундуур явж ирсэн. Одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа юм.
Бидний их өвөг дээдэс, Тэмүүжин, Чингис хаан анх гарч ирж байхдаа үнэхээр хэдэн ханлиг болоод хоорондоо байлдаад байвал Монгол үндэстэн алга болох нь ээ гэдгийг тэр хүн ойлгосон шүү дээ. Яг өнөөдөр энэ ханлигуудын байдлаар, олон улсын хэллэгээр бол ширэнгийн ойн хууль Монголын парламентад үйлчилж байна. Ширэнгийн ойн хуультай парламентаас олон улсын төлөөлөл, ард түмэн юу хүлээж суух юм бэ. Ширэнгийн ой гэдэг бол тэнд байгаа, ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа ахлагч нарынхаа тогтоосон дэг журмаар, тэдний хүсэл зоригоор явдаг хүмүүсийг л хэлдэг шүү дээ. Тийм хуулиар ажилладаг газрыг хэлж байгаа юм. Ар ардаа байгаа нам, нам нь дотроо хэдэн фракц, бүлэглэлд хуваагдчихсан . Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо. 25 жилийн өмнө Монголын төр бүрэлдэж байхад ямар ариун ёс зүйтэй бүрэлдэж байсныг би сая хэллээ шүү дээ. Ямар хариуцлагатай бүрэлдэж байсныг хэллээ. Энэ үүрэг, хариуцлага чинь ямар хүнд юм бэ гэж хүлээж авч байсныг хэллээ. Бид хүний муухай чанарыг, болохгүй байгааг яриад байвал яриад л байх байх. Ийм учраас тогтолцоондоо өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Тийм учраас түрүүчийн миний хэлдэг тэр хариуцлагын тухай хуулиуд, тэр асуудлуудаа шийдье. Засгийн газрыг бид бүтээлч, хариуцлагатай, ажлын төлөө явдаг, ёс зүйтэй болгохын тулд үнэхээр хоёр шийдвэр гаргахаас өөр арга алга.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайдуудаа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламетын томилгооноос салгах хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Бүх парламентын засаглалтай улсад манай орон шиг сайдуудаа ингээд нэг, нэгээр нь, фракц фракциас, нам намаас томилоод сууж байдаг ийм парламент дэлхий дээр хэд байна? Арав хүрэхгүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тэд нар үүнээсээ салахыг оролдож байна. Үнэндээ тэд нар биднээс тэс өөр, Монголтой харьцуулшгүй тогтолцоо. Бид бол асар өвөрмөц байршилтай, асар өвөрмөц сонголт хийсэн эмзэг орон шүү дээ.
Тийм учраас бид өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой. Ийм учраас парламент Засгийн газрын Ерөнхий сайдаа томиллоо. Тэр хүн гараад бүрэн бие даасан байдлаар Засгийн газрын гишүүнээр хэнийг авах, хэнийг томилохоо өөрөө шийдэх ёстой. Тэгэх юм бол тухайн салбарт юм хийж чадах, тухайн салбарт үнэхээр чадвартай гэж үнэлэгддэг, тухайн бодлогыг авч явах хүмүүсээ томилж чадна. Заавал тухайн намын гишүүн ч байх албагүй шүү дээ. Энэ эрхийг Ерөнхий сайдад өгөөгүй байна.
Нэг юмны шагнал болж орж байгаа хүмүүс чинь улс орны төлөө ажиллахгүй шүү дээ.Ийм учраас улс орон, Засгийн газар чинь болохоо байлаа гэж хүмүүс хэлээд байгаа юм. Дээрээс нь тэр сайдаа хэзээ чөлөөлөх вэ. Хэзээ огцруулах вэ гэдгээ Ерөнхий сайд өөрөө шууд мэддэг байх ёстой. Тэр хариуцлагыг Ерөнхий сайдаас тухайн парламент нь нэхдэг байх ёстой. Бид нар нэг юм буруу ойлгуулчихаж. Парламент гэвэл ийм байдаг юм байна. Их Хурлын гишүүд нь сайдаа томилдог юм байна гээд. 25 жил явж ирсэн энэ ойлголт буруу байна. Дэлхий нийтэд ингэж явдагүй юм байна. Монголд ч гэсэн ингэж явж болохгүй юм байна. Энэ асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Энэ парламент шийдэх хэрэгтэй.
Хоёрт, Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх хэрэгтэй. Уг нь бодлого яриад, хууль гаргаад сууж байх ёстой улсууд албан тушаал яриад байдгийг болих хэрэгтэй. Албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд татдаг, тэгэх гэсэн бодол өвөрлөөд сууж байгаа хүмүүс үнэхээр санаа зовох хэрэгтэй. Зарим нь мэдэхгүй байна гээд сууж байгаа байх. Мэдэж байгаа. Та нар бодсон л бол энэ дэлхий дээр, орчлон дээр бүртгэгдэж байдаг юм шүү. Тийм хөдөлгөөн, тийм хор найруулсан л бол үлдэж байдаг. Тэр чинь үр хойчид, цаашаа Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас энэ нүглийг одоо зогсоох хэрэгтэй. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү ажлыг үүрч явдаг, буян хийж, нүглийг арилгахын төлөө, нүгэлтэй тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс биш мөнгөний хойноос, суудлын төлөө үхэлдэн хаталдан ингэж нүгэл үйлддэг байж таарахгүй. Ичих нүүрээ алдаж байгаа шүү.
УИХ-д сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн сар, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ. Яагаад хүмүүс Улсын Бага Хурлын тухай их ярьдаг юм бэ. Тэнд үзэл санаа байсан. Тэр зарчимдаа үнэнч явсан хүмүүс байсан. Тэр зарчимдаа үнэнч 21 сар ажилласан хүмүүс. Тэр Бага Хуралд байсан сайн зүйлээс нь бид суралцаж цааш нь авч явах хэрэгтэй.
Энд дүгнэж хэлэхэд танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь УИХ-ын ээлжит бус чуулган, ээлжит бус сонгуулийг зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ингээд үзье. Их олон юм бужигнуулахаа больё. Үүн дээр нэгдэе л дээ.
Дээрээс нь Үндсэн хуулийн 40 дэх зүйлийн 2 дахь заалтыг та бүхэнд уншиж өгөх гэсэн юм. \”Засгийн газрын бүрэн эрх Ерөнхий сайдыг УИХ-аас томилсноор эхэлж шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж байгаа. Энэ 2 дахь заалтад 17 үг байгаа. \”Ерөнхий сайдыг томилсноор” гэсэн үг хоёр удаа орсон байгаа юм даа. Тэр үеийн хамгийн гайхамшигтай эрдэмтэд, бичгийн их хүмүүс үүн дээр сууж Үндсэн хуулийн редакцийг хийсэн юм шүү. Тэгэхээр санаандгүйгээр \”Ерөнхий сайдыг томилсноор” гэсэн үгийг энэ 17 үг дотор 2 удаа оруулаагүй гэж бодож байна. Бид нар нэг юмыг маш буруу хэрэгжүүлж ирсэн байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг хэрэгжүүлж ирсэн. Ерөөсөө нэг удирдлага томилоод л түүнтэйгээ маргааш өдрөөс нь эхлээд л ноцолддог. Энэ маш буруу. Үндсэн хуульд удирдлага томилоод түүнтэйгээ маргааш өдрөөс нь э