Японы мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын барилдаан өчигдөр өндөрлөсөн. Энэ удаагийн башё аваргуудад нэлээн ширүүхэн болж өнгөрлөө. Оны эхний башёд ёкозуна Хакухо гурван өдөр дараалан унаснаар 13 дахь өдрөөс башёг орхисон. Харин монголын өөр нэг ёкозуна Какурю гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, Японы ёкозуна Кисеносато тэмцээний эхэнд зодог тайлах шийдвэр гаргасан.
Ёкозуна нар байхгүй энэ үед сэкиваке Тамаваши Ичиро буюу Батжаргалын Мөнх-Оргил 13 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртлээ. Тамаваши дээд зиндаанд өмнө нь 15 удаа таарахдаа 9 ялж байсан магешира Эндог өчигдөр ялснаар түрүүлэх болзол хангасан байна.
Ингэснээр 34 настай Тамаваши Мөнх-Оргил нь сүмогийн барилдаан жилд зургаан удаа зохиогдох болсон 1958 оноос хойш хамгийн өндөр настайдаа анх удаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дахь бөх болж байгаа юм. Энэхүү амжилтыг 2012 оны тавдугаар сарын барилдаанд 37 настайдаа анх удаа түрүүлж байсан Кёкүтэнхо Цэвэгням эзэмшдэг.
Мөн өчигдөр өглөө Тамавашигийн гэргий хүү төрүүлсэн мэдээ ирж, баяр дээр баяр нэмжээ.
Анх удаагаа түрүүлсэн Тамаваши Мөнх-Оргил нь мөн дайчин барилдааны канто-шо шагналыг хүртсэн байна.