Өнгөрөгч долоо хоногт “Finance Asia” гэх Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүлээс Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан 500 сая.ам долларын бондыг 2018 оны “Шилдэг хэлцэл”-ээр тодруулсан билээ.
Тэгвэл өчигдөр Хон Конг-д зохион байгуулагдсан “The Asset Awards”-аас мөн тус бондыг “Төрийн өмчит байгууллагын шилдэг бонд”-оор шалгаруулсан байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон бусад төлөөлөл оролцож шагналаа гарджээ.
Энэхүү бонд нь хамгийн хямд зардлаар олон улсын зах зээлд гарсан мөн төрийн оролцоогүй Азийн анхны бонд болсон зэрэг нь эдгээр шагналыг авах үндэслэл болсон төдийгүй зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон юм.
Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан бөгөөд захиалга нь нийлүүлэлтээс найм дахин ихээр ирсэн билээ.