БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр дахь удаагаа уулзахаар Вьетнамын нийслэл Ханой хотноо өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Хуягт галт тэргээ хөлөглөн Вьетнамын хилээр нэвтэрч Донгданг буудалд хүрсэн удирдагч галт тэргээсээ бууж хар лимузин машинаар Ханойг зорьсон байна. Ким Жон Ун болон түүнийг дагалдагчдын урт цуваа нийслэлийн гудамжаар явсаар “Мелия” зочид буудалд хүрч тухалсан байна. Тэдний явах гудамжийг болон зочид буудлын ойр ойрчмыг хатуу хяналтанд авсан байлаа.
Ким Жон Уны энэ удаагийн уулзалтын бүрэлдэхүүнд түүний төрсөн дүү Ким Ё Жон багтсаныг хэвлэлүүд онцолж байгаа юм. Тэрээр галт тэрэг БНХАУ-ын Наньян хотноо зогсох үед галт тэрэгнээс буун удирдагчийн хажууд зогсож байсан юм.