Мөнгөний тухай бичмэгц хүмүүс цалин ярьцгаана. Цалин бага болохоор сайхан амьдрах боломжгүй, амьдрал ядуу хэцүү гэцгээнэ. Алив асуудлын учрыг өөрөөсөө биш бусдаас хайж бухимдацгаана.
Гэтэл мөнгөний боломжтой, баян хүмүүс ийм илүү гомдол огт ярьдаггүй. Тэд боломжгүй нөхцөлөөс мөнгө босгодог.
Өнөөдөр би та бүхэнд “мөнгө хэрхэн дэмий үрэгддэг” хэдхэн жишээ сануулая
Ийм дутагдал бидэнд бүгдэд нь байдаг. Хүн хичнээн ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй гэдэг. Энэ нь ч үнэн. Хүн бид мэддэг зүйл дээрээ илүү алддаг. Тэгвэл одоо алдаагаа олж мэдээд хувийн соёлт хэрэглээнд суралцвал бүгдээрээ саятан болцгооно.
Үүнд:
*Архи- Хүн бүр архичин биш. Гэхдээ л нийллэг зугаалга, уулзалт цуглаанд уусан архиа мөнгөн дүнгээр тооцоод үз дээ. Сая сая төгрөг үрэгдсэн байгаа!
*Тамхи- Тамхи татдаггүй хүнд энэ сануулга илүүц. Гэхдээ та тамхи татдаг бол өдөрт, сард, жилд зарлагаддаг тамхиныхаа мөнгийг бодоод гарга. Бас л сая сая төгрөг үрэгдсэн байгаа!
*Сарын цалингаа аваад дэлгүүр хэсдэг саваагүй зан. Та тухтай тайван сууж байгаад өмсөхгүй гутал хувцас бүрийхээ үнийг жагсаагаад биччих. Бас л сая сая төгрөг үрэгдсэн байгаа!
*Эмэгтэйчүүд бидний уруулын будаг, гоо сайхны тос пүдр, маск. Энэ бүгд хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг мөртөө толиныхоо өмнө цуглуулга байдлаар овоолно. Ялангуяа тоник, маск, уруулын олон өнгийн будаг, хумсны лак, будаг арилгагч гээд л үсний, хумсны, нүүрний будаганд үрсэн мөнгөө цувруулж бичээд хараарай. Бас л сая сая төгрөг үрэгдсэн байгаа!
*Хоол хүнс- Харсан бүхнээ идэж, үзсэн бүхнээ амтлах хэрэггүй л санагддаг. Монгол малын мах сүү, сүүн бүтээгдэхүүн өрөм, ааруул, бяслаг, ингэний хоормог. Монгол хоол хүнс хамгийн цэвэр ЭКО хүнс. Энэ мэтээр илүү хэрэглээ бүхнээ хянаж чадвал та саятан болох дүүрэн боломжтой. Хүний хүсэл хязгаартай, хэрэглээ цомхон тусмаа эрүүл амьдардаг.
Хүний их эмч Самбуугийн Энхтайван /2019 оны 1 сарын 15- ны өдөр/