Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ. Энэхүү жагсаалтад монгол улсын жүдочид хэрхэн жагссаныг хүргэе.
Эмэгтэй жүдочдоос Гавьяат тамирчин М.Уранцэцэг сүүлд болсон Германы “Их дуулга”-ыг өнжсөн хэдий ч 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлж Японы Фүна Тонаки 6206 оноогоор удаалжээ. Харин Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119 дүгээрт бичигдлээ.
52 кг-ын жинд залуу жүдоч Л.Сосорбарам 34 дүгээр байр руу дэвшлээ. Тэрбээр Германы “Их дуулга”-с мөнгөн медаль хүртсэн нь чансааг нь 20 байраар урагшлуулсан байна.
57 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа Японы Ёшида Цүкаса, Косовогийн Нора Гякова нарын араас гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30 дугаар байрт жагсчээ.
63 кг-ийн жинд Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт тус тус бичигдсэн байна.
70 кг-ийн жинд Ц.Наранжаргал 45 дугаарт бичигдсэн бол Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Баасанжаргал нарын жүдочид 112-191-р байрт бичигдэв.
78 кг-ын жинд барилдаж буй манай жүдочдоос Ц.Наранжаргал, Ш.Сэржмядаг, А.Оюунгэрэл, Б.Хонгорзул нар 101-164-р байрт жагсаж байна.
Хамгийн хүнд жин болох +78 кг-д Б.Мөнхтуяа 38 дугаар байрт байгаа бол Э.Гандиймаа 68, Д.Номинзул 111, Ш.Сэржмядаг 139 дүгээрт дэлхийн чансаанд эрэмбэлэгдлээ.