Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотноо “Триумф” спортын ордонд эхлэх гэж байна. Дэлхийн чөлөөт бөхийн шилдэг найман улс оролцох энэхүү тэмцээнд манай баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багуудтай “В” хэсэгт багтсан. Харин тэмцээний “А” хэсэгт ОХУ,Куба, Япон, Турк багууд таарчээ.
Тэмцээнийг нээж зохион байгуулагч ОХУ, Кубын шигшээ багтай барилдана. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа дэлхийн найман удаагийн аварга Ираны шигшээ багтай хийхээр сугалаа таарчээ. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д Монгол Улсыг төлөөлж 57 кг-ын жинд ОУХМ Т.Түвшинтулга, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга нар хүч үзэхээр болсон.
“Дэлхийн цом”-д эрчүүд маань 11 дэх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017, 2018 онд зургадугаар байрт шалгарч байсан юм.
Гуравдугаар сарын 16-нд
07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг
10:00 – 12:30 – Нэгдүгээр тойрог “А” хэсэг ОХУ – Куба, Япон – Турк, “В” хэсэг АНУ – Гүрж, Монгол – Иран
15:00 – 15:30 – Нээлтийн ёслолын ажиллагаа
15:30 – 18:00 – Хоёрдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Япон, Турк – Куба,
“В” хэсэг АНУ – Иран, Монгол – Гүрж
Гуравдугаар сарын 17-нд
07:30 – 08:00 – Жин үзэлт, эмчийн үзлэг
10:00 – 12:30 – Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ – Турк, Куба – Япон,
“В” хэсэг АНУ – Монгол, Иран – Гүрж
12:30 – 15:45 – 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан
14:15 – 15:45 – Хүрэл медалийн төлөөх барилдаан
16:00 – 18:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол