Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм.
Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан бүр анхаарал хандуулж, хариуцсан ажилдаа эзэн байхыг захин, Ерөнхийлөгч Х.Баттулгын Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцохдоо хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.