АНУ-ын Лас Вегас хотноо болж өндөрлөсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг, тамирчид 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар, олимпийн 6 эрх өвөртлөн эх орондоо ирсэн билээ.
Түүхэн амжилтын эзэд болсон тамирчидаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар өнөөдөр яаман дээрээ хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
\”Лас Вегас-2015\” ДАШТ-ээс эмэгтэй 63 кг жинд Соронзонболдын Батцэцэг аваргын алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болсон бол эмэгтэйчүүдийн 60 кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 61 кг жинд Батболдын Номин мөнгөн медаль, эрэгтэйчүүдий 73 кг жинд Пүрэвжавын Өнөрбат мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Мөн Ганзоригийн Мандахнаран 65кг, Жаргалсайханы Чулуунбат 125 кг, Очирбатын Насанбурмаа-75 кг нар шагналт тавдугаар байранд орсон амжилтыг үзүүлсэн билээ.
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 60 кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 61 кг жинд Батболдын Номин мөнгөн медаль хүртсэн ч тухайн жин нь олимпийн наадмын хөтөлбөрт ордоггүй тул олимпийн эрх олгогдоогүй бусад амжилт гаргасан 6-н тамирчин \”Рио-2016\” олимпийн наадмын эрх авсан байна.
Чөлөөт бөхийн тамирчдын хувьд 2016 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотноо Олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн, дөрөвдүгээр сарын 22-24-нд Улаанбаатар хотноо олимпийн эрх улсын тэмцээн, 05 дугаар сарын 06-08-нд Туркийн Станбул хотноо олимпийн эрхийн сүүлийн тэмцээнүүдэд тус тус оролцох юм.