Хүүхэд байхад сонгуулийн сурталчилгаа маш гоё болдог байж. Орон нутагт нэр
дэвшигч нар хамтлаг дуучид дагуулж ирээд л аймгийн төвийн талбайд нөсөр тоглолт
зохион байгуулдагсан. Ер нь тухайн нэр дэвшигчийн сонгогдох эсэх нь шоу
тоглолтоос шууд хамааралтай ч байдаг байж. Хурдыг, камертоныг, Сарааг,
Ариунааг, Харангыг авч ирсэн нам, нэр дэвшигч өөрийн нүнжиг, зиндааг хариулдаг
байлаа.
Сонгуультай зуны хамгийн сайхан тоглолтууд болж нэг ёсондоо стресс ядаргаа
тайлагдах шиг болдог байж билээ. Зурагтаар л барааг нь хардаг тэр оддыг
дэргэдээс нь харж, хамтдаа дуулж, бүжиглэнэ гэдэг бас л сайхан мэдрэмж байж.
Гэтэл энэ жилийн сонгуулийн сурталчилгаа эхлээд л айдас төрүүлсэн,
түгшээсэн цаанаасаа дарамт өгөхүйц, хурдан л сонгууль дуусаасай гэх сэдэл өгсөн
өдрүүд өнгөрч байна. Тэр мөнгө нэхлээ,
энэ ч намаасаа урвалаа, тэр намайг гүтгэлээ, эрх мэдэлтэй хүмүүсийн дайралт ирж
байна, би үсээ шатаана, сурталчилгааны үеэр хүн нас барлаа гэгчлэн сэтгэлд сэрд
хийлгэм мэдээллүүд цацагдсаар байна.
Уг нь бүгд л \”шударга өрсөлдье” гэсэн пайзтай. Гэвч гаргаж буй үйлдэл нь
ямар ч аргаар хамаагүй гишүүн болох, тус сэнтийд суух. Хүнийг хэн ч болгож,
муулж, муухайлж болно. Өөрөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэдэг
хандлагаар ажиллаж, өнөөх нь сонгогч бидэнд маш том цохилт болж бараг л албан
шаардлагаар өрсөлдөгчдөө муулах уулзалтуудад сууж байна.
Ингэж болохгүй энэ бидний хүссэн ардчилал биш. АН-д, МАН-д, МАХН-д бусад
намуудад, нэр дэвшигчдэд шударга сайхан өрсөлдөөд ялсан нэгдээ амжилт хүсч
мөрийг цохидог гүндүйгүй Монгол зан гаргаач гэж хүсмээр байна. Хэн ялсан хамаа
алга гол нь Монгол Улс л хөгжиж, иргэд нь амар тайван аж төрөх учиртай. Гэтэл
сурталчилгааныхаа үеэр дайтчих гээд байгаа улс эрх мэдлийн суудалд хүрвэл юу
болох вэ гэхээс л айх юм.