УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг томилогдож, багагүй хугацаанд ажиллаж, санал дүгнэлтээ УИХ-д тайлагнах үед мэдээллийг шалгуулагч талд аваачиж өгсөн хэргээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа. Түүний энэ үйлдлийг улсаасаа урвасан гэж тайлбарлан буруутгах хандлага бий.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс “Оюутолгой компани хүсэлт ирүүлсэн учраас ажлын хэсгийн дүгнэлтийг явуулсан юм билээ. Материал нь нууцын зэрэглэлд хамаараагүй байсан. Тэгэхээр Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл Д.Дамба-Очир гишүүн Оюутолгойд тал зассан үйлдэлд УИХ хариуцлага тооцож чадахгүй болж таарч байна. Эндээс УИХ-ын гишүүд цаашид хэчнээн мэдээллийг шалгагч талдаа барьж гүйх бол гэх эргэлзээ үүсч байна.