“Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон “Никель” Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, түүнийг гуравдугаар сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинд хоёр хүний хамтаар явж байхад нь саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй байдалтай байсан юм.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газраас энэхүү хэргийг гадуур шалгаж байсан бөгөөд өчигдрөөс түүнийг хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дашнямыг 10 хоног саатуулан шалгах бололтой.