Өнөөдрийн \”Шийдлийн цаг” уулзалтаар хоёр асуудал хөндөж үүрэг даалгавар өглөө.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах учиртай. Хууль зүйн яам Сангийн яамтай хамтран энэ ажилд оройлон оролцож, нийгэмд, бизнесийн хүрээнийхэнд хууль танилцуулах ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжавт үүрэг болголоо.
Бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдын хэлж байгаагаар манай банк, санхүүгийн байгууллагуудад мөнгөний гүйлгээг хэтэрхий хянаж байна. Хууль, хүчний байгууллагаас банк, санхүүгийн гүйлгээ болгоныг хянаж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байна. Тухайн банк гүйлгээг сэжигтэй гэж үзсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад өөрсдөө ханддаг стандартыг тогтоох хэрэгтэй. Ингээгүйгээс бэлэн мөнгөний гүйлгээ далд эдийн засагт шилжих нэг шалтгаан болоод байна гэж Ерөнхий сайд анхааруулаад энэ асуудлыг судалж, санал боловсруулан УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Д.Дорлигжав сайдад үүрэг болголоо.
Эдийн засаг хүндрэлтэй үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд улс орнууд тодорхой бодлого хэрэгжүүлдэг. Хөрөнгө оруулагчдад бизнес, жуулчны визээр зорчдогоос арай илүү атлаа тухайн орны иргэдийн бүрэн эрхэд хүрэхгүй, завсрын статус тогтоодог жишиг олон улсад бий. Тухайлбал, ногоон карт гэх мэт. Байнга оршин суух эрхтэй ч сонгуульд орж, улстөрийн эрх эдлэхгүй гэхдээ жуулчид, бизнесийнхнээс илүү эрхтэй ийм статус бүхий Монгол Улсын картыг бий болгоё. Янз бүрээр нэрлэж болно, \”Соёмбо” карт ч гэдэг юм уу. Энэ асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож, шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол манай улсад олон байсан. Өнгөрөгч гуравдугаар сард болсон \”Шийдлийн цаг” уулзалтаар энэ хөл хориог цэгцлэх үүргийг өгч байлаа. Энэ асуудалд Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар хамтарч ажиллан олон улсын жишигт нийцүүлэн цэгцэлсний үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Hotel Mongolia гэдэг нэр байнга хөндөгддөг байсан нь больжээ. Энэ бол бидний ажлын бодит үр дүн юм гэж Ерөнхий сайд энэ үеэр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.