Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2018-2019 оны улирлын бүсийн аварга шалгаруулах цуврал тоглолтууд ойрын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ. Өнөөдөр Өрнөд бүсийн аваргын төлөөх “Портлэнд трэйл Блэйзерс” – “Голден Стэйт Уорриорс” багуудын цувралын 4 дэх тоглолт болж өнгөрлөө. Энэхүү тоглолтын үндсэн цагт хоёр багийн оноо тэнцсэн бол нэмэлт цагт зочин баг болох “Уорриорс” 119:117-ын харьцаатайгаар хожсон байна.
Ингэснээр тэд цувралыг 4:0-ээр илүүрхэж, NBA-ийн аваргын төлөө тоглох эрхийг тав дахь жилдээ дараалан авч байгаа явдал юм. Энэхүү амжилтыг хамгийн сүүлд домогт Билл Расселын үед “Бостон Селтикс” баг үзүүлж байсан юм.
Дөрөв дэх тоглотын үеэр зочдоос хоёр тоглогч трипл-дабль хийсэн бөгөөд Стэфэн Көрри 37 оноо, 13 самбар, 11 дамжуулалт, Дрэймонд Грийн 18 оноо, 14 самбар, 11 дамжуулалт өгсөн байна.
Тэгвэл дорнод бүсийн аваргын төлөөх цувралд “Милоуки Бакс”, “Торонто Рэпторс” багуудыг тоглож байгаа бөгөөд одоогоор цувралыг “Милоуки Бакс” 2:1-ээр илүүрхэж байгаа юм. Хоёр багийн дөрөвдэх тоглолт маргааш өглөө болно.
Харин нэгдсэн финалын цуврал манай цагаар 5-р сарын 31-ний өглөө эхлэхээр товлогджээ.