“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан гэх асуудалтай холбогдуулан иргэн Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн билээ.
Үүний дагуу дүүргийн шүүхээр уг асуудлыг дөнгөж сая авч хэлэлцлээ. Гэвч шүүх хуралдааны үеэр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэрийг сая гаргалаа.
Эргэн сануулахад, энэ оны гуравдугаар сарын 5-нд Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх “Энхжин” хотхон дахь гэрээс нь түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбоотой асуудлаар 24 цаг саатуулж байсан юм.