УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан АТГ-аас түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гишүүний зүгээс сэтгүүлчдэд өнөөдөр /2019.6.23/ мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат “Миний хувьд 21-ний үдээс хойш АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан. Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээллийг ямар зорилгоор явуулсныг нь гайхаж байна. Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийхдээ миний нэрийг дурдаж, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүхнийг уялдуулан харвал улстөржсөн шинж агуулж байна.
Тиймээс өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Иймд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүргүүлсэн” хэмээн мэдэгдлээ.
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Та Аж үйлдвэрийн сайд байхдаа “Эрдэнэт”-ийн хувьчлалд та ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Аж үйлдвэрийн сайдын хувиар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Энэхүү хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байгаа.
Өнөөдрийн энэ өрнөж байгаа үйл явдлыг харахад 2020 оны сонгууль угтсан явдлууд болж байна. Энэ улстөржилтийг бид улс төрөөр хариулахаас өөр арга алга.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан нь магадгүй зөвхөн өнөөдрийн хувьд зөв байж болох юм. Ирээдүйд үүсэх үр дагаврыг тооцож үзсэн үү?
-“Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд орж ирсэн нь яав ч буруу зүйл болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг буцаан авсан ч бид дараагийн үр дагаврын хамгийн мууг нь сонгоод байна.