Өнгөрөгч даваа гарагт /2019.05.27/ Төрийн тусгай хамгаалалт бүхий Д.Сүхбаатарын талбайд 95-44 ӨВА улсын дугаартай “Nissan” маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй нэвтэрсэн Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулах, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Тэрээр тухайн өдрийн 13:40 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Португаль Улс, Испанийн Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хорват Улсаас хавсран суух Элчин Сайд нарт “Итгэмжлэх жуух бичиг” гардуулах ёслол явагдах үеэр хэв журмын хамгаалалтад авсан байх үед энэхүү үйлдлийг хийсэн юм.
Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 /Танхайрах/, 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулах/-ийг тус тус зөрсөн байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. Ингээд өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019/ЗШ/432 дугаартай шийтгэврээр холбогдогч Б.Цэгмэдэд зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв