Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, АСЕМ-ын уулзалтын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сонгуулийн үеийн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, туслах комиссар Б.Ганзориг, Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бөхбат нар оролцлоо.
Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллагын 6000 алба хаагч, нэмэлтээр Оюутан цагдаа, Олон нийтийн цагдаа, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензийн төвийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэх юм байна.