Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэ Нэйче Консерванси байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Дэ Нэйче Консерванси \\TNC\\ байгууллага нь манай дэлхийн амьдралын олон янз байдлын төлөөлөл болох байгаль, амьтан, ургамлын бүлгэмдэл тэдгээрийн оршин тогтноход чухал ач холбогдол бүхий эх газар болон усан орчныг хамгаалах эрхэм дээд зорилтыг тавин ажилладаг ба 60 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны туршлага дээр үндэслэн хөгжлийн үйл ажиллагааны нөлөөллийг бууруулахын тулд хөгжлийн төслийн зөвшөөрөл олгох явцад шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөлөөллийг бууруулах зохистой арга хэмжээнээс бүрдсэн \”Хөгжлийг байгаль орчинд нөлөө багатай төлөвлөх” аргыг боловсруулан хэрэгжүүлж буй туршлагыг дэмжин ажиллах, Ховд аймаг нь Монгол улсын ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлснийг сайшаагаад Талуудын санхүү, хөрөнгийн эх үүсвэрийн боломжоос шалтгаалан дараах чиглэлээр хамтран ажиллахаар Санамж бичигт харилцан тохиролцов.
Үүнд:
– Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар ба Дэ Нэйче Консерванси \\TNC\\ байгууллага нь нутгийн иргэдийн амжиргааг тэтгэхэд чухал үүрэг бүхий бэлчээр, цэнгэг усны эх үүсвэрийг хамгаалах, судлах, аймгийн хөгжлийн бодлогод тусгах чиглэлээр хамтын ажилагааг өргөжүүлэх,
– Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг хөгжлийн хөтөлбөрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулахад дүйцүүлэн хамгаалах аргыг нэвтрүүлэх
– Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувиас багагүй газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг төлөвлөлтөд тусгах, хэрэгжүүлэх
– Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарж болзошгүй сөрөг нөлөөллийг экосистемд тулгуурласан дасан зохицох аргаар бууруулахад чиглэсэн шилдэг туршлага, судалгаа шинжилгээний үр дүнг амьдралд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргийг тусгажээ.