Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Уг тогтоолд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 148 дугаар зүйлийн 148.3, 181 дүгээр зүйлийн 181.2, 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нэр бүхий ялтан нарын хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалттай нийцээгүй байна гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн хүсэлтдээ Өршөөл үзүүлэх тухай хууль нь Монгол Улс нэгдэн орсон хэд хэдэн ОУ-ын гэрээ, Конвенцид хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан \”Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ.