Монгол улсад зохион байгуулагдаж буй “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан амжилттай үргэлжилж байна. Энэхүү олон улсын тэмцээн нь цэрэг хүний тэсвэр хатуужлыг сорьж, бэлтгэл сургуулилтыг шалгасан тэмцээн болж байгаа бөгөөд алсын зайн морин маршийн уралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн гараанд сугалаа ёсоор Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км алсын маршид гарсан байна.
Монгол Улсын баг тамирчид гуравдугаар цэг болох хоноглолтын цэгт хүрсэн бөгөөд байршил тодорхойлогчийг ашиглан ус, түлээ, хүнсний бүтээгдэхүүн хээрийн байрлалаас олж, хээрийн хоолондоо орсон байна. Мөн гар доорх материал буюу майхан цуваар оромж барьж хоноглох аж.
Монголын багийн үүрэг гүйцэтгэлийг цэгийн ахлах шүүгч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ болон ОХУ, Казахстан, Киргиз улсын шүүгч нар шалгажээ.