ОХУ-н Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр манай улсад зохиогдсон “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны талаар ярилцаж, ОХУ-ын зүгээс манай улсын Зэвсэгт хүчнийг уг уралдааныг амжилттай зохион байгуулсанд талархаж буйгаагаа илэрхийлэв.
Хурандаа генерал А.В.Фомин “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг та бүхэн өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа. Энэ бол олон жилийн түүхтэй хоёр орны Батлан хамгаалах салбарт түүхийн нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал юм” гэв.
Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Манай улс “Армейские игры-2019”-ийн хүрээнд Танкийн биатлон, Мэргэн буудагчийн зааг, Инженерийн томьёолол, Хээрийн гал тогоо гэсэн төрлүүдэд оролцохоос гадна таны хэлсэнчлэн “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд оролцохоор ирсэн нь хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд ОХУ өндөр ач холбогдол өгч буйн илрэл гэж харж байна” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Хурандаа генерал А.В.Фомин нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зарлигаар ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд болжээ.