“Тост, Тосон бумбын нуруу”-нд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга гаргажээ. Учир нь тус суманд орших “Баатарван транс” ХХК-ийн уурхайн ажилчид болон нутгийн иргэдийн хооронд өнгөрөгч ням гаригт маргаан гарч, эмх замбараагүй байдал үүсчээ. Энэхүү маргааны улмаас 15 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна.
Үүнтэй холбогдуулан сумын Засаг дарга дахин эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж тус шийдвэрийг гаргажээ. Тус уурхай нь улаан чулууны орд бөгөөд анх уурхайн лицензийг багийн ИНХ-аар хэлэлцүүлэлгүй авсантай холбогдуулан нутгийн иргэд үйл ажиллагааг нь зогсоох шаардлагыг удаа дараа тавьж эмх замбараагүй байдал үүсчээ.