Гашуунсухайт боомт дахь ЭИХХЦХХ-ийн хүнсний чанар стандартын улсын байцаагч 8-р сарын 15-ны өдөр нүүрсний экспортын чиглэлд хяналт шалгалт хийх явцдаа 0771 ӨМА улсын дугаартай “Лхас транс” компанийн тээврийн хэрэгслийн нүүрсний хучлагын доороос ууттай зүйл илрүүлсэн байна. Тус зүйлийг шалгахад тус бүрд нь нэг килограммаар савлан гадуур нь уутанд хийсэн 17 кг дэрэвгэр жиргэрүү байжээ. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 153-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд орсон, хилээр гаргахыг хориглосон ургамал юм.
Улсын хилээр гаргахыг хориглосон бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн жолооч Б-д зөрчлийн хэрэг нээж ЗШШТ хуулийн дагуу хэрэг бүртгэл явуулж прокурорт санал хүргүүлэн Ханбогд сумын цагдаад шилжүүлэн өгчээ.