Ардын хувьсгалын ойн баяр наадамд эхний таван байрт шалгарсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэхүү журмын дагуу харваачдаас шинжилгээ авахад нэг эмэгтэй харваачийн шинжилгээ эерэг гарсан байна.
Энэ талаар Сурын холбооны Нарийн бичгийн дарга Б.Наранбаяр “Өнгөрсөн долоо хоногт нэг сур харваач охиноос хориотой бодис илэрч, шинжилгээний хариу эерэг гарсан талаар бидэнд албан ёсоор мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу бид өчигдөр холбооны Ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлалаа.
Уг харваач нь Үндэсний баяр наадмаар дөрөвдүгээр байранд шалгарсан бөгөөд тухайн үед ханиадны төрлийн эм бэлдмэл хэрэглэснээс болсон хэмээн тайлбарласан байна. Энэхүү явдал нь шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас сэргээш илэрч байгаа тохиолдол юм.