Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр замын Орхон өртөөнийхөн будаг нь ханхалсан 24 айлын орон сууцаа хүлээн авлаа.
Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Орхон сумын сумын удирдлагууд, Улаанбаатар төмөр замын НЗС Ц.Хүрэлбаатар, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны нэгдүгээр ангийн дарга Л.Жаргалсайхан нарын албаны хүмүүс, тус өртөөний ажилтан, албан хаагчид оролцов.
Мөн үеэр тус орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны нэгдүгээр ангийн барилгын мастер Отгонбаатарыг хүндэт төмөр замчин цол тэмдгээр, 4 албан хаагчийг мөнгөн шагналаар шагналаа.
Шинэ орон сууцанд өртөөний 7 албан хаагч, замын 1 дүгээр ангийн 14 замчин, холбооны ажилтан 2, худалдааны 1 албан хаагч буюу нийт 24 албан хаагч нүүж орсон юм.
Ийнхүү төмөр замын өртөөнд нэгэн тохилог сууц нэмэгдэж, 24 төмөр замчны ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудал шийдэгдэж байгаад тус өртөөнийхөн талархал илэрхийлж, энэ сайхан орон сууцдаа ая тухтай амьдарч, амжилт бүтээл гаргаж ажиллана гэв.
Төмөр замын Орхон өртөө нь 1948 онд ашиглалтад орохдоо 8 хүний орон тоотой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоогоор 20 хүний орон тоотойгоор Ерөө, Орхон, Энхтал багийн 67-83 км-ыг дуустал нийт 17 км замын өртөөний таван замын 5.8 км зам, 7 ширхэг суман шилжүүлгийг хариуцсан төмөр замын аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байна.