Цаг уур орчны шинжилгээний газраас Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан байна.
Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага хэвийн байгаа бол 30 гаруй хувьд дунд зэргийн үнэлгээтэй байна. Харин нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрсэн дүнтэй гарчээ. Аймгаар нь авч үзвэл Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрчээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
-40% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
-24% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
-23% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
-7% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
-6% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Олон дахин хэтэрсэн сумдад Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Булган аймгийн Рашаант, Говь-Алтай аймгийн Халиун, Төгрөг, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Төв аймгийн Дэлгэрхаан, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Булган, Буянт гэх сумууд багтсан байна.
Хэдийгээр ихэнх нутгаар зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ.