Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод олон жил тулгамдаад байсан угсармал орон сууцны дулаалгын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттайгаар тооцоо, судалгааг явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 барилгыг дулаалах ажил 50 хувьтай хийгдэж байна.
Улаанбаатар хотод 1960, 1970-аад онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байна. Улаанбаатар хотын орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүн, Сангийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгасан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас:
1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэсэн.
2. Олон улсын Даян дэлхийн ногоон хөгжлийн төвтэй хамтран 20,0 мянган долларын хөрөнгөөр орон сууцны барилгын эрчим хүчний аудит хийсэн.
3. 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн.
4. Германы техник хамтын ажиллагааны Нэксус төслөөр Угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан.
5. Японы JICA-тай хамтран Угсармал орон сууцны гадна талын дулаалга туршилт судалгааг хийсэн./Дулаан алдагдал нь заадсаар их байсан/
6. Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар шалгарч хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт хийгдэж байгаа ажээ.