Шүднийхээ өөг ямар аргаар засч болдог тухай зөвлөгөө өгье. Хэрэв таны шүд орсгой, буруу хазалттай, илүү шүд ургасан гээд шүдний янз бүрийн согогтой бол нааш нь анхаарлаа хандуулаарай. Төрөлхийн болон олдмол эдгээр гажгийг аппарат зүүснээр засч болдог байна.
Шүдний аппарат гэж юу вэ?
Давхар соёотой, шүд нь буруу байрласан, мурийсан, шаамий зэрэг эрүү, шүдний гажигтай хүмүүс аппарат зүүдэг. Аппарат нь авдаг, авдаггүй гэсэн хоёр янз байдаг ба авдаг аппаратыг 12-оос доош насны хүүхэд хэрэглэдэг юм байна. Харин 13-аас дээш настай бол авдаггүй аппарат зүүх хэрэгтэй. Авдаггүй аппарат хүчтэй үйлчилдэг учраас бага насны хүүхдэд тийм ч тохиромжтой биш гэнэ. Учир нь сүүн шүд унаагүй үед авдаггүй аппарат зүүвэл эмгэг үүсдэг аж. Аппаратыг төрөл бүрийн материалаар хийдэг бөгөөд дотроо өнгөтэй, өнгөгүй, зурагтай, гялалздаг, фосфортдог гээд олон янз байдаг. Авдаггүй аппаратыг метал, шаазан, хуванцраар хийдэг. Эдгээрээс хуванцар материал нь нүдэнд ил харагдаггүй давуу талтай юм байна.
Мэргэжилтнээс зарим зүйлийг тодрууллаа.
1. Шүдний аппаратыг хэр удаан зүүх шаардлагатай вэ?
-Тухайн хүний шүдний гажигаас хамаарна. Хөнгөн хэлбэрийн бол зургаан сар, хүнд бол дээд тал нь дөрвөн жил зүүдэг.
2. Үүнийг хэрэглэснээр шүдний гажиг бүрэн засагдах уу?
-Засагдана. Гэхдээ тухайн хүнээсээ их шалтгаалдаг. Эмчийн зааврын дагуу аппаратыг хэрэглэж, дэглэм зөв барьж чадвал илүү үр дүнтэй.
3. Ямар дэглэм барих вэ?
-Авдаггүй аппарат зүүсэн үед хатуу зүйл огт идэж болохгүй. Мөн амны хөндийн эрүүл мэндийг маш сайн сахиж, шүдээ байнга угааж, тогтмол хугацаанд эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин авдаг аппаратыг зориулалтын сойзоор сайн цэвэрлээд, шүдэндээ зөв байрлуулж хийх нь чухал.
4. Аппарат зүүх нь ямар нэг сөрөг үр дагавартай юу?
-Хэрэв эмчийн хяналтад орохгүй, дэглэм сайн барихгүй бол шүдний гажиг засагдахгүй улам дорддог. Шаамий бол улам л шаамий болно гэсэн үг.
5. Хэдээс хэдэн насны хүмүүс аппарат хэрэглэвэл тохиромжтой вэ?
-Зургаагаас гуч хүртэлх насны хүмүүс аппарат зүүж болно. Насанд хүрсэн хүний эрүү нүүрний системийн хөгжил зогссон байдаг учраас аль болох бага насандаа аппарат зүүх нь илүү үр дүнтэй байдаг.
6. Шүдний аппарат ойролцоогоор ямар үнэтэй байдаг вэ?
Авдаг аппарат нь ерөнхийдөө хямд. Авдаггүй аппарат нь шүд болгон дээр тавьдаг учраас илүү үнэтэй байдаг бөгөөд голдуу шигтгэмэл аппаратууд өндөр үнэтэй байдаг. Дээд доод шүдэндээ хамт зүүвэл авдаг 50мянгаас, авдаггүй 800мянгаас дээш үнэтэй байна.