Өчигдөр Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн билээ. Эдгээр жинд барилдсан манай бөхчүүдээс гурав нь тэмцээнээ дуусгаад байсан бол 55 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Болортуяа дагах барилдаан хийх эрхтэй болжээ.
Тэрээр өчигдөр Энэтхэгийн бөхийг 10-3 харьцаатай хожсон ч дараагийн шатанд АНУ-ын бөхөд 2-13 харьцаатай хожигдол хүлээсэн юм. Манай бөхийг ялсан АНУ-ын бөх хэсгийн аваргын төлөө Туркийн бөхийг ялснаар манай бөх ийнхүү дагах барилдаан хийх боломжтой болсон байна.
Шилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанд Киргизстаны Мадина Надироватай барилдах бөгөөд түүнийг ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө Туркийн Бедиа Гунтай барилдана.
Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаантай. Олимпын 57 кг, 76 кг болон олимпын бус 59, 65 кг-ын барилдаан болно.Олимпын жингийн хоёр бөх маань хатуу сугалаа татлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой, 76 кг-ын жингийн О.Бурмаа 2018 оны Азийн наадмын аварга Хятадын Киан Жоутай таарсан. Харин эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор Румын улсын Катерина Жидачевскатай, 65 кг-ын жинд Х.Болортуяа Украины Ирина Коляденкотой таарчээ.