Ирэх зургаан сарын хугацаанд үргэлжлэх ер бусын хүчтэй “Эль Ниньо” (El Nino) уур амьсгалын үзэгдлийн улмаас үүсэх хэт халалт дэлхий даяар 450,000 гаруй хүний амийг авах тооцоог эрдэмтэд гаргажээ.
Энэ нь ердийн жилүүдийн хэт халалтын улмаас амиа алддаг хүний дундаж тоон дээр Эль Ниньотой жил нэмэлтээр амиа алдах хүний тоо юм.
Чикагогийн Их Сургуулийн “Climate Impact Lab” хүрээлэнгийн Лхагва гарагт нийтэлсэн энэхүү судалгааны тайлан 2027 оны хоёрдугаар сарыг хүртэл хугацааг хамарч байна.
Ирэх зургаан сарын хугацаанд дэлхийн хуурай газрын температур Цельсийн 1.2 хэмээр өсөж, хэт халуун өдрүүдийн давтамж ердийн жилүүдтэй харьцуулахад 44 хувиар нэмэгдэх гэнэ.
Хөгжиж буй орнууд болон Африкийн тивийн Сахелын бүс нутагт энэхүү үзэгдлийн нөлөө хамгийн хүчтэй байх тооцоо гарчээ.
Сахел нь Сахарын цөлөөс урагшаа чийглэг дулаан саваннын бүсэд шилжих шилжилтийн замд байрладаг завсрын бүс нутаг юм.
Сахелын бүс нутагт нэмэлтээр 66,800 орчим хүн амиа алдах бөгөөд үүний 31,400 нь Нигери улсад оногдож байна.
Үүний дараа Индонез улсад 19,300, Судан улсад 17,600 орчим хүн амиа алдах тооцоо гарчээ.
Мөн Филиппин, Вьетнам, Тайланд, Камбож улсуудад нийт 19,400, Энэтхэгт 15,800, Бразилд 13,300 хүн нэмэлтээр амиа алдах таамаг гарсан байна.
Агаарын температур өндөр, орлого багатай орнуудад агаарын хэт халалт хамгийн их аюул учруулдгийг судалгаа харуулж буйг тус лабораторийн үүсгэн байгуулагчдын нэг Майкл Гринстоун онцолжээ.
Чинээлэг улс орнуудад агааржуулагч хүрэлцээтэй, усны хангамж тогтвортой, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж илүү сайн тул аюул харьцангуй бага байх гэнэ.
Эль Ниньо бол Номхон далайн төв болон зүүн хэсгийн экваторын шугамын харалдаа хэсэгт усны мандлын температур эрс нэмэгдэж, дэлхий дахины уур амьсгалд нөлөөлдөг үзэгдэл бөгөөд тогтмол бус давтамжтайгаар, ихэвчлэн хоёроос долоон жил тутамд давтагддаг үзэгдэл юм.
Энэ сарын эхээр НҮБ-ын цаг уурын байгууллага энэ жилийн Эль Ниньо үзэгдэл 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх магадлал 100 хувь байгааг мэдээлж байв. Гэвч судлаачид энэ үзэгдлийн үр дагавар 2027 оны дунд үе хүртэл үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press











































































